Судалгаа, зөвлөх үйлчилгээний Эс Ай Си Эй ХХК 2020 оноос "Судалгаатай Үндэстэн" стратегийг хэрэгжүүлж эхэлсэн билээ. Стратегийн хүрээнд 2020 онд “Монголын үе хоорондын судалгаа”-г анх удаа хийж, нийгмийн 4 өөр үеийн үнэт зүйл, амьдралын хэв маяг, хандлага, хүлээлтийг ил болгож байсан. Энэ нь тухайн цаг үеийн монголчуудын үзэл бодол, зан төлөвийг олон өнцгөөс харуулсан цогц судалгаа болсон юм.
Таван жилийн дараа буюу 2025 онд уг судалгаагаа дахин хийж, Монголын нийгмийн өөрчлөлт, үе хоорондын ялгаа ба нийтлэг чанаруудын шинэ дүр төрхийг харуулахыг зорьсон. Энэхүү судалгаа нь зөвхөн тоон үзүүлэлт бус, нийгмийн сэтгэл зүй, үнэт зүйлсийн урт хугацааны өөрчлөлтийг ойлгоход чухал суурь баримт болно.
Яагаад энэ судалгаа чухал вэ?
- Монголын бизнес, төрийн байгууллага, боловсрол, судалгааны байгууллагууд стратегиа боловсруулахдаа бодит өгөгдөлд тулгуурлах боломжтой болно.
- Үе хоорондын ялгаа, нийтлэг шинжийг тодорхойлсноор нийгмийн ойлголцол, хамтын ажиллагааг бэхжүүлэх боломжийг олгоно.
- Судалгаанд оролцсон иргэдийн санал бодол нь бодлого тодорхойлогч, бизнес эрхлэгч, судлаачдын шийдвэр гаргалтад шууд нөлөөлөхүйц мэдээлэл болж чадна.
Энэхүү судалгааны тайланг олон нийтэд нээлттэй хүргэж байгаа бөгөөд хүн бүр өөрийн үеийн онцлог, бусад үеийн үзэл бодлын ялгааг харьцуулан ойлгож, ирээдүйн хөгжлийн чиг хандлагыг илүү тодорхой харахад тусална гэдэгт итгэлтэй байна.
SICA-ийн зүгээс нийгмийн өөрчлөлтийг тогтмол хэмжиж, шинжилж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг түгээн дэлгэрүүлэх зорилгоо цаашид ч баримталсаар байх болно.
Хэрэв та уг судалгааг бүрэн эхээр нь уншихыг хүсвэл: https://www.datamon.mn/content/detail/109/

